Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Багануурын батарей хуримтлуурын станц нийт 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд өнөөдрийг хүртэл нийлүүлээд байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг.
Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм.
Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Нийслэл хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой юм.
Ulaanbaatar