Манай улс "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн Удирдах хорооны даргаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-15 12:25:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын санаачилгаар АНУ-ын Нью-Йорк хотноо 2022 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын үеэр 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон, манай улс Удирдах хорооны даргаар ажиллаж байна.


Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн Удирдах хорооны хурал Ром дахь НҮБ-ын ХХААБ-ын төв байранд энэ сарын 13-нд болов. Хурлыг Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг удирдаж, энэ үеэр бэлчээрийн эрүүл экосистем нь хүний амьдрал, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чухлыг онцолсон юм.


Хурлаар Удирдах хорооны хамтран даргалагчаар Уругвай Улсыг сонгов. Мөн олон улсын жилийн үзэл баримтлал, агуулга, санхүүжилт, нээлт, сурталчилгааг хэрхэн хийх  зэрэг асуудлыг хэлэлцэж, хурлын логог баталсан байна.

Хуралд ХХААБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, ХХААБ-ын Нарийн бичгийн дарга нарын холбогдох газрын удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөл биечлэн болон цахимаар оролцжээ. 

関連ニュース