“Менторшип” хөтөлбөрт шалгарсан оюутнуудад тэтгэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-14 16:44:28

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. НИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран зохион байгуулсан оюутны "Менторшип" хөтөлбөрийн “Аюулгүй арт” төслийн шилдэг 10 оюутанд тэтгэлэг гардууллаа.


“Аюулгүй арт” төслийн баг нийслэлийн төлөвлөлтийг соёл урлагтай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой талаар бичсэн төслөө танилцуулсан юм. Энэ төслөөрөө нийслэлд хамгийн их гэмт хэрэг бүртгэгддэг БЗД, СХД-ийн гудамж талбайг эерэг өнгө төрхтэй зургаар тохижуулах нь иргэдэд илүү тайван байдал мэдрүүлж, гэмт хэргийн сэдлийг багасгах хүчин зүйл болно гэж үзжээ. Энэ чиглэлийн гудамжны арт урлаг бусад оронд ч гэмт хэрэг багасгах чиглэлээр түгээмэл ашигладаг байна. Учир нь “Хулгайчаас болгоомжил”, “Энд камер ажиллаж байна” зэрэг бичиг нь иргэдийг айдас, түгшүүрт автуулах, гэмт хэрэг хийх сэдэл төрүүлдэг зэрэг сөрөг талтайг НЗДТГ мэдээлэв.


НИТХ-ын төлөөлөгчид “Аюулгүй арт” төслийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд дэмжих боломжтой, төслийн нарийн тооцоо судалгааг мэргэжлийн түвшинд хийх, эрдэмтэн судлаачдын дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллахаа Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва илэрхийлжээ.

関連ニュース