ЗАВХАН: Хун шувууг Дөргөн сум руу хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-10 17:52:35

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу сумын нутагт ижлээсээ хоцорч хээр шархадсан байсан хунг Ховд аймгийн Дөргөн сум руу хүргэжээ.


11 дүгээр сарын 8-ны өдөр Улиастайгаас Яруу сум руу явах замын Хатавчийн давааны Хөндлөнгийн голын орчимд бэртсэн хун ижлээсээ хоцорч, тас шувууны дайралтад өртөх гэж байсныг Мэдээлэл, холбоо сүлжээний Яруу салбарын ажилтан Б.Санжжамц олж харжээ.


Тэрээр шувуунд анхаарал тавьж тээвэрлэн, Яруу суманд хүргэж, дулаан газар байршуулсныг Яруу сумын байгаль хамгаалагч С.Сүхбаатар мэдээлсэн юм. Байгаль хамгаалагч шувууг 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, дахин дулаан орчинд асарч хамгаалж байсан. Уг хун шувуу нь хөл, далавчны хэсэгтээ гэмтэл авсан байдалтай байсан тул аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нартай хамтран гэмтлийг эмчилж, дулаан газар байрлуулж байсан. 


Гэмтсэний улмаас буцаж чадаагүй сүргээсээ үлдсэн хун шувууг авран хамгаалах, эмчлэх эхний арга хэмжээг аваад Дөргөн сум руу хүргүүллээ. Ингэснээр хун шувууг Хар ус нуурын тохойд тавин усан орчинд нь өвөлжүүлэх юм. Өнөөдөр өглөө Дөргөн сумын байгаль орчны ажилтан холбогдож, хунг хүлээн авч, шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийж байгальд нь эргүүлэн тавихаа хэллээ гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 




関連ニュース