Хуситууд НҮБ-ын ажилтнуудыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-20 10:28:46

САНА, 2025 оны аравдугаар сарын 20 /АР/. Иранаас дэмжлэг үзүүлдэг Йемений хуситууд НҮБ-ын 20 ажилтныг саатуулсан тухай Йемен дэх НҮБ-ын байнгын зохицуулагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жан Алам ням гарагт “Associated Press” агентлагт мэдээлжээ. 


НҮБ-ын ажилтнуудыг Йемений нийслэл Сана хотын баруун өмнөд дүүрэгт байрладаг НҮБ-ын байгууламж дотор байхад нь саатуулсан байна. Үүнээс өмнө хуситууд Сана хотын өөр нэгэн дүүрэг дэх НҮБ-ын байр руу дайрсан гэж Жан Алам ярьсан байна. 


Хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээр, шинээр саатуулагдсан хүмүүсийн дунд Йемений таван иргэн, гадаадын харьяат 15 ажилтан байжээ. Хуситууд тэднийг байцаасныхаа дараа 11 ажилтныг сулласан гэж Алам нэмж хэллээ.  Үлдсэн олзлогдогсдын хувь заяа тодорхойгүй байна.


"Энэ ноцтой нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэх, бүх ажилтныг нь саатуулж буй явдлыг зогсоох, мөн Сана дахь объектуудынхаа хяналтыг сэргээх"-ийн тулд НҮБ "хуситууд болон бусад талтай" холбоо барьж байгаа гэж Жан Алам “Associated Press” агентлагт ярьжээ.


Йемений хуситууд он гарснаас хойш Сана, далайн эргийн Ходейда хот болон тус улсын хойд хэсэгт орших Садаа муж дахь тус бүлэглэлийн түшиц газар зэрэг бүс нутагт ажиллаж буй НҮБ болон олон улсын бусад байгууллагын эсрэг ажиллагаа явуулж эхэлжээ.


Хуситууд ямар ч нотлох баримтгүйгээр НҮБ-ын саатуулагдсан ажилтнууд, бусад олон улсын байгууллага, гадаадын Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүсийг тагнуул хэмээн удаа дараа мэдэгдэж иржээ. Харин НҮБ эрс няцаасан байна.

 

Одоогийн байдлаар НҮБ-ын 50 гаруй ажилтан зэрэг олон арван хүнийг саатуулаад байгаа аж. Энэ оны эхээр Саада мужид саатуулагдаад байх үедээ Дэлхийн хүнсний хөтөлбөрийн нэг ажилтан нас барсан гэж АР агентлаг мэдээлжээ.


Хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн үйлдлүүдийн улмаас НҮБ тус муж дахь үйл ажиллагаагаа түр зогсоож, Йеменд хүмүүнлэгийн асуудал хариуцсан зохицуулагчаа нийслэл Сана хотоос, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрын мэдэлд байдаг Аден хот руу шилжүүлсэн байна.




関連ニュース