Муаммар Каддафийн хүүг барьцаагаар суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 12:37:12

БЕЙРУТ, 2025 оны аравдугаар сарын 19 /AFP/. Ливийн удирдагч асны хүүтэй холбоотой хэрэг Ливаны олон нийтийн анхаарлыг дахин татаж эхэлжээ.


Ливаны нийслэл Бейрут хотын шүүх 11 сая долларын барьцаатайгаар Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Ханнибал Каддафийг суллах шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ Ливанаас гарч явахыг хориглосон байна.


Ливаны эрх баригчид 2015 онд Ханнибалыг баривчилж, 1978 онд Ливид айлчлах үеэрээ сураггүй алга болсон шийтүүдийн оюун санааны удирдагч, имам Муса ас-Садрын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгажээ.


Ханнибалын өмгөөлөгч Лоран Байон шүүхийн шийдвэрийг “огт хүлээн авах боломжгүй” гэж мэдэгдээд, давж заалдахаар шийдвэрлэсэн байна. Х.Каддафи олон улсын хоригт орсон болохоор ийм их мөнгийг төлөх боломж байхгүй гэж тэрбээр хэллээ.


Шийтүүдийн “Амаль” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Муса ас-Садр 47 жилийн өмнө өөрийн туслах болон нэгэн сэтгүүлчийн хамтаар Ливид айлчлах үеэрээ ор сураггүй алга болсон юм.


2011 оны 10 дугаар сард М.Каддафийг түлхэн унагаж, амийг нь хөнөөсний дараа түүний гэр бүлийнхэн Ливиэс зугтан гарчээ. Ливаны загвар өмсөгч Алин Скафтай гэрлэсэн Ханнибал Сири руу дүрвэж, Б.Асадын засгийн газрын хамгаалалтад орсон байв. 2015 оны 12 дугаар сард зэвсэгт этгээдүүд түүнийг хулгайлж, Ливаны эрх баригчдад шилжүүлэн өгсөн байна. Муса ас-Садр алга болох үед Ханнибал дөнгөж гурван настай байсан хэдий ч түүнийг “мэдээллийг нуун дарагдуулсан” хэмээн буруутгаж, Бейрутын шоронд хорьжээ.


Энэ оны наймдугаар сард Human Rights Watch байгууллага мэдэгдэл гаргаж, “үндэслэлгүй шалтгаанаар” хоригдож буй Ханнибалыг нэн даруй суллахыг шаардсан байна. Түүний өмгөөлөгч хэлэхдээ “Ханнибал сэтгэл гутралын хүнд хэлбэрээр шаналж, саяхан эмнэлэгт хэвтсэн” болохыг дурджээ.  


Ас-Садрын дараа “Амаль” хөдөлгөөнийг удирдаж байсан, одоо Ливаны парламентын даргаар ажиллаж буй Набих Берри мэдэгдэхдээ, имам сураггүй алга болсон хэргийг илрүүлэхэд Ливийн эрх баригчид хамтран ажиллахгүй байна гэж буруутгасан юм. 

関連ニュース