Б.Жавхлан: Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан “Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай” гэж өнөөдөр мэдэгдэв.
Тэрбээр цааш хэлэхдээ, “УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн. Гэхдээ дээрх хэмжээний мөнгийг хэрхэн гаргах вэ гэдгийг судалж үзээд, төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагааны зардлыг 10 хувиар хумьж байж гаргахаар тогтлоо.
Энэхүү мөнгөн дүн нь Засгийн газарт ямар нэг илүү нөөц хөрөнгө байсан гэсэн үг биш. Нэг үйл ажиллагааны зардлаа нөгөө рүүгээ шилжүүлж байгаа хэрэг юм. Ингэснээр бидний хүрэх зорилтод 10 хувийн санхүүжилт дутах болно. Хэдийгээр хатуухан боловч Засгийн газар ийм шийдвэрийг гаргаж, УИХ-д хүргүүлэхээр тогтсон. Хамгийн гол нь, УИХ-ын түвшинд ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх шаардлагатай.
Онцолж хэлэхэд, инфляц өсөх тухай асуудал байхгүй. Хүүхдийн мөнгийг танахгүй" гэлээ.