Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн, тус сургуулийг байгуулав.
Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай,
цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан
бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж,
нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах
боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг
бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах
бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар
олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20 мянга гаруй контент байршаад байна.
Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэсэн аж.