Дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн ёс зүйн өдөр өнөөдөр тохиож байна.
Дэлхий нийтээр 2014 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг ёс зүйн үнэт зүйлсийг түгээх, шударга, хариуцлагатай, хүнлэг нийгмийг дэмжих зорилгоор тэмдэглэж буй. Энэ жил тус өдрийг “Ёс зүйг дахин төсөөлье” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү уриа нь шударга, тайван, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн тулд ёс зүйн үнэт зүйлийг шинэ өнцгөөс дахин тодорхойлж, хүн төрөлхтөн эв найрамдал, хүндлэл, итгэлцэлд тулгуурлан хамтран амьдрахын чухлыг онцолжээ.
Монгол Улсад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж Ёс зүйн хороо байгуулагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг бууруулах бодлого, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийг ёс зүйн мэдлэг мэдээллээр хангах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.
Ёс зүйн хорооноос Төрийн байгууллагууд энэ өдөр төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, соёлыг дээшлүүлэх, хариуцлагыг бэхжүүлэх, байгууллагын ёс зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалж байна. Ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, байгууллага бүрт ёс зүйн соёлыг төлөвшүүлж, хариуцлагатай, шударга нийгмийг цогцлоох урт хугацааны зорилт юм.