MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

70 дугаар сургуулийн сурагчдад “Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-14 12:14:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цомын эзэн Баянгол дүүргийн тусгай 70-р сургуулийн дижитал олимпын танхимд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Олимп сурталчлах өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулав.


Тус өдөрлөг нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, олимпизмоор дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалгүй дэмжин хамтран ажиллаж, хамтдаа суралцах, эрх тэгш байдлыг эрхэмлэх зорилготой аж.


БГД-ийн Олимпын зөвлөлийн аргазүйч Л.Очгэрэл ярихдаа, “Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд дасан зохицох чадварын алдагдалтай байдаг учир тэдний чадварыг сэргээх зорилгоор дасан зохицлын ширээний тоглоомыг танилцуулан тоглуулж, олимп, паралимп, тусгай олимпын онцлог ялгааг хүүхдүүдэд тайлбарлан ойлгуулсан нь энэ өдөрлөгийн гол зорилго байлаа. Манай олимпын танхимаас богино хугацаанд олимпын олон талын мэдээллийг авах бүрэн боломжтой” гэжээ.


Ташрамд дурдахад, МҮОХ нь спорт олимпизмоор дамжуулан хүүхэд бүрийг нийгэмшүүлэх, тэдний оролцоог хангах зорилгоор Монголын тусгай олимпын хороотой хамтран ажиллаж байгаа юм. 







関連ニュース