ХӨВСГӨЛ: “Багшийн алдар-8” үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-02 13:22:05

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн багш нарын  "Багшийн алдар-8" үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.


Энэ удаагийн үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн багш нар байгалийн сайханд зурсан бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.


Тодруулбал, энэ оны 9 дүгээр сард тус аймгийн Боловсролын газар, МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль хамтран дүрслэх урлагийн багш нарыг чадавхжуулах хээрийн дадлага сургалтыг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт зохион байгуулсан байна.


Хээрийн дадлага сургалтын үеэр  Хорьдол сарьдгийн даваа, Жарганатын гол, Улаан-Уул сумын Дуут булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад зурсан бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд зонхилж байна.


Тус үзэсгэлэнд 26 багшийн 70 гаруй бүтээл олны хүртээл болж байна. Үзэсгэлэн 4 хоног Мөрөн хотын Арт галерейд үзэгчдэд хүрэх юм.




関連ニュース