ӨВӨРХАНГАЙ: 250 өрхөд цахилгаан халаагуур суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-21 14:25:22

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Арвайхээр сумын ЗДТГ-аас 250 өрхөд цахилгаан халаагуур суурилууллаа.


“Юниват” брэндийн эрчим хүчний хэмнэлттэй, чулуун хавтант цахилгаан халаагуурыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, айл өрхүүдэд хоёр жилийн гэрээгээр үнэ төлбөргүй олгосон юм. Зөвхөн цагийн тохируулга бүхий төхөөрөмж, холболтын кабель утасны төлбөр болох 220 мянган төгрөгийг тухайн айл гаргаж байна. 



Уг цахилгаан халаагуур нь дөрөв, тав, зургаан ханатай гэрт тохируулсан 4-6 талт, мөн байшингийн зориулалттай, асах, унтрах цагийг тохируулж болдог зэргээрээ давуу талтайг хэрэглэгчид хэлж байлаа. Хэрэв гэрээ сайтар дулаалж чадвал цахилгаан халаагуураа цөөн залгаж, тогны мөнгө бага гарах боломжтой гэв. 


Гэрээ байгуулсан айл өрхүүд хоёр жилийн дотор гал түлж, утаа гаргахгүйгээр зөвхөн тус халаагуурыг ашиглах юм. Энэ хугацаанд гэрээгээ зөрчих, бусдад худалдан борлуулах тохиолдолд төлбөрийг бүрэн барагдуулах юм. Мөн нүүн шилжих шаардлага гарвал халаагуурыг багийн Засаг даргадаа буцаан өгнө.

関連ニュース