Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна.
Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А болон B хүрээний тус бүр хоёр хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар өнөөдрөөс эхлэн сум, хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулах аж. Энэхүү дархлаажуулалтад 0.6-5 настай хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нарыг үнэгүй хамруулна.
Манай улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлдэг. Улмаар нэг болон хоёрдугаар сард оргил үедээ хүрч, жилд дунджаар 700 мянга орчим хүн томуугаар өвчилдгөөс 45 мянга гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бол 40-50 хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн гурван жилд томуугийн улирал хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2.0 дахин нэмэгдсэн байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг хүчин зүйлийн улмаас нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг байна. Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдүүдийн 60 хувь нь томуугийн шалтгаантай байдаг аж.
Томуугийн эсрэг дархлаажуулалтын нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, эндэгдэл бий болох эрсдэл бий. Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд юм. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэн энэ өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс цаашид нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай. Үүний тулд дархлаажуулалтдаа хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь авахыг зөвлөж байна” гэв.
Улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа
өнөөдөр БЗД-ийн 16-р хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.
Улирлын томуугаас сэргийлэх хамгийн оновчтой арга бол улирлын томуугийн эсрэг
вакцинаар хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн иргэдийг жил бүр дархлаажуулах
явдал. Ингэснээр халдвар авах, халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэн
эмчлүүлэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой.