ӨВӨРХАНГАЙ: Галт уулын дэлбэрэлтээс үүсэлтэй Арслан зааны агуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-03 11:13:35

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Арслан зааны агуй хэмээх аварга улаан цохио Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, үзэсгэлэнт Арц Богд ууланд оршдог.


Хажуу талаасаа эртний арслан заан бэлчиж яваа юм шиг харагддаг эл цохионд галт уулын гаралтай хэд хэдэн агуй, хөмөг хонгио бий. Баруун агуйн урт 6.1, өндөр нь 4.8, өргөн нь 1.8 метр бол дээд хөмөг агуй нь 7.8 метр урттай, 3.2 метр өндөр. Арын агуй нь 18.2 метр урт, 6.3 метр өндөр хэмжээтэй.


Дээд хөмөг нь цохионы баруун бөөрөнд байх агаад шаталсан хадаар авирч орох боломжтой юм. Түүний доохно орших баруун агуйн ам нь согоовор, дэрс, нарийн ширхэгт ургамлаар сайтар далдлагдсан байдаг. Дотроо жижиг гэрийн хэмжээний зайтай, хүн хоноглоход таатай нөхцөл бүрджээ.


Арслан зааны агуйны ар биед Шилээний агуй гэж бий. Агуйн ам том бөгөөд холоос ч тод харагдана. Энд зэрлэг амьтад үүрлэдэг нь илт. Манжийн эрхшээлд байх үед Шилээн хэмээх сайн эр орогнож байсан гэх домог ярианы улмаас түүний нэрээр нэрлэжээ.


Өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт төрхтэй эдгээр агуйнууд зэлүүд газар байх учраас говь нутгийн ховор ургамал зүйл бүрээр ургаж, цоохор зараа гэх мэт нэн ховор амьтад ч мэр сэр харагддаг байна. 



関連ニュース