Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг аравдугаар сарын 30-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-27 14:59:43

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.


Нийт 3.2 км, тус авто зам нь “Содон” хорооллоос Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Одоогоор эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учир цахилгаан, шугам сүлжээ, худгийн уялдааг хангахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэв.



“Монгол зам” группийн ерөнхий инженер Б.Нямдагва “Төслийн газар шорооны ажил 95 хувьтай байгаа. Харин хиймэл байгууламж буюу тулц хана, гүүрэн байгууламжийн ажлыг үе шаттай хийж байгаа. “Зам 1”-ийн тулц ханыг дуусгасан. Дулааны шугамын худгийн ажил дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ. “Зам 1” нь 3,4 дүгээр хороолол буюу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын авто замтай холбогдож буй хэсэг юм. “Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж нийт 125 метр урт, 21 хоногт хийж дуусгана. Гүүрэн доогуурх Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг одоогоор шороон замаар нээсэн. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна” гэлээ.



関連ニュース