ХОВД: Зусланд гарсан айлуудыг бууриа цэвэрлээд нүүхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-19 18:31:10

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд зусланд гарсан айлууд нүүж эхэлсэнтэй холбогдуулан бууриа цэвэрхэн хүлээлгэн өгөх уриалга дэвшүүлжээ.

   

“Ховдын мэдээ” сонины дэргэдэх “Байгаль” сэтгүүлч клубийн сурагчид Буянт голыг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Зусландаа соёлтой амьдаръя” аян өрнүүлж байна.


Аяны хүрээнд тус клубийн сурагчид энэ зун ус, хөрсний бохирдлоос сэргийлэх чиглэлээр 15-20 орчим нөлөөллийн ажил зохион байгуулсан юм.  

Тэгвэл өдгөө намрын сэрүүн өдрүүдийг угтаж “Зүлгэн дээр хог бүү үлдээ, гэрийн буурь, орчноо цэвэрлэе” уриалга дэвшүүлэн Буянт голын хөвөөнд зуссан айлуудыг нүүхдээ гэрийн буурь, мөн ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх шаардлага тавьж эхэллээ. 


Буянт гол дагуу жилд дунджаар 1000 орчим айл зусланд гардаг бөгөөд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэн үед нүүдэл хийдэг юм.  



関連ニュース