Монголд 30 гаруй орны шилдэг харваач цуглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-15 10:49:37

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд энэ сарын 21-23-нд зохион байгуулна.


Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол үйл ажиллагааны нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачийг нэг дор нэгтгэх энэхүү тэмцээн монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаараа түүхэн ач холбогдолтой юм. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болох ажээ.


Монгол Улсаас улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох  тус тэмцээнд олон улсын зэрэглэлтэй шүүгч, дасгалжуулагч, Дэлхийн Морьт харвааны холбооны удирдлагууд, ЮНЕСКО-гийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочин төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.



Тэмцээний хөтөлбөр:

8 дугаар сарын 21 Бэлтгэл, шүүгчдийн сургалт, техникийн хурлын өдөр

09:00 - 11:00 - Морь сонголт /баг бүрээр, морьт харвааны талбай дээр/

09:30 - 16:00 - Олон улсын шүүгчдийн сургалт

09:30 - 16:00 - Морь сонголт, замын сорилго

16:00 - 17:30 - Техникийн зөвлөлийн хурал


8 дугаар сарын 22 Тэмцээний эхний өдөр

08:00 - 13:00 - Дараалсан буудлага /Serial Shot/ тэмцээн

11:00 - 12:00 - Нээлтийн ёслол

12:00 - 18:00 - Кабак /Qabaq/ тэмцээн

17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол


8 дугаар сарын 23 Сүүлийн өдөр

08:30 - 13:30 - Масахи /Masahee/ тэмцээн

13:30 - 16:30 - Бөмбөг намнаа /Bumbug Namnaa/ тэмцээн

17:30 - 18:00 - Шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа 



関連ニュース