БНСУ дахь Монгол сургуульд 1-12 дугаар ангийн 346 хүүхэд суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Солонгос дахь Монгол сургууль 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус сургуульд 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байна. Мөн монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг ажээ. Солонгост 15 мянга гаруй сургуулийн насны хүүхэд байгаа талаар сургуулийн төлөөлөл мэдээлэв.
Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийг Монгол, Солонгосын гүүр болж, эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийлж, суралцагчдын хувьсах зардлыг цаашид ч үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Мэдлэ" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.
Түүнчлэн энэ сарын 15-нд сургуулийн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.