Улаагчны хар нуурын бүсэд өнгөрсөн сард 8000 гаруй аялагч зорчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-08-12 14:47:34

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Манай орны аялал жуулчлалын хамгийн идэвхтэй, долоодугаар сард Улаагчны хар нуурын хамгаалалтын бүсэд 2000 гаруй авто машин, 8000 гаруй аялагч нэвтрэн өнгөрчээ.


Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, цэнгэг уст тус нуур нь Завхан аймгийн Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Завханмандал сумын нутагт оршдог, хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгджээ. УИХ-ын 2010 оны тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан билээ. Тусгай хамгаалалт нь 89 км/кв буюу 253.800 га газрыг хамардаг бөгөөд нуурын урт нь 37 км, өргөн нь 7км, гүн нь 48 метр юм. Нуурын гол хэсэгт өвөрмөц тогтоц бүхий том, жижиг хоёр арал байдаг нь жуулчдын сонирхлыг татаж, жил бүр тоо нь нэмэгдсээр байгаа юм.



Байгаль хамгаалагч П.Рэнсмаа "Иргэдийн ая тухтай аялах нөхцөлийг бодлогын түвшинд бүрдүүлэх шаардлага бий. Ялангуяа нуурын эрэг орчимд хогийн цэг, бие засах газрыг нэмэх хэрэгтэй. Аялал жуулчлалын идэвхтэй саруудад хог хаягдал цэвэрлэх, аялагчдад хяналт тавихаас үүдэж, байгаль хамгаалагчийн ажлын чиг үүрэг орхигдох хандлагатай байгаа" гэв.



Нуурын хойд эрэгт байгуулсан жуулчны бааз хөрөнгөөрөө хог хаягдал шатаах бага оврын зуухтай болсон нь байгальд  ээлтэй нөхцөл бүрдүүлжээ. Харин байгаль хамгаалагчид хог хаягдлыг өөрсдөө цэвэрлэж, 60 км зайд орших Яруу сум руу ачааны машинаар зөөдөг нь бэрхшээлтэй байгааг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг тус газарт ажиллах үеэр дуулгажээ. 

関連ニュース