Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн нийт зургаан түймэртэй байгаагаас ойн гурван түймрийг цурамд оруулж, гурвыг нь хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллага ажиллаж байна.
Үүнд, тус байгууллагын 227 алба хаагч, 17 авто машин, нэг нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, дөрвөн авто машин буюу нийт 299 хүн, 21 авто машин, нэг нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр, Увс аймгийн Сагил суманд нэг, нийт ойн гурван түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд нэг, Улаан-Уул суманд нэг, Баян-Өлгий аймгийн Булган суманд нэг буюу нийт гурван түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа ажээ.
Өнгөрсөн 24 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” газар гарсан нийт ойн дөрвөн түймрийг бүрэн унтрааж, гурван түймрийг цурамд оруулжээ.
Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансараас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай үйл ажиллагааг авч ажиллажээ.