Мазаалай баавгайтай "танилцсан" хоёр сарын хөтөлбөрт 10 мянган хүүхэд залуус хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.tuul@montsame.gov.mn
2025-11-14 15:35:18

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Байгалийн түүхийн музейд боллоо.


Тус үеэр дэлгэсэн мазаалайн тухай бүтээлийн үзэсгэлэнд зориулж нийслэлийн 24 дүгээр сургуулийн 5е ангийнхан зурагт ном бүтээжээ. Бусдыгаа төлөөлж Г.Энхрийлэн, Г.Наран-Эрдэнэ нар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт номынхоо талаар тайлбарласан юм. Г.Энхрийлэн, Г.Наран-Эрдэнэ хоёр ярихдаа, “Манай ангийнхан 14 хоногийн хугацаанд зарим ээж аавтайгаа хамтарч энэ номыг бүтээсэн. Ном маань дэлгэсэн ватум цаасны хэмжээтэй, зургаан хуудастай, мазаалай баавгайн тухай юм. Эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш, төлийг нь алманцаг гэдэг. Энэ тухай манай багш Г.Ганцэцэг бидэнд анх заасан. Ер нь 5-6 удаагийн хичээл орсон болохоор энэ амьтны тухай бид сайн мэддэг болсон. Мазаалай баавгай нь нэн ховордсон амьтан тул бүгдээрээ хайрлан хамгаалъя хэмээн уриалж байна” гэлээ.


Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн Сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Боловсролын газар, Байгалийн түүхийн музей, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ болон байгаль орчин, боловсрол, соёлын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалтыг өнгөрсөн 2 сарын хугацаанд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 20 гаруй сургууль, Техник технологийн политехник коллежийн 10 мянга гаруй суралцагч хамрагдлаа. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейд хүүхэд залуус маань тодорхой хуваарийн дагуу ирж, мазаалайтай холбоотой үзэсгэлэн үзэж, мэдлэг ойлголт авлаа. Түүнчлэн алслагдсан дүүргийн хүүхэд залууст зориулсан түр сургалтын танхим байгуулж, сурагчдыг хамруулсан” гэж энэ үеэр ярилаа.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямаас мазаалай баавгайг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, үр дүнг мөн үеэр тодруулсан юм. Тэрбээр “Мазаалай баавгай нь Төв Ази буюу Монголын Алтайн өвөр говьд амьдардаг нэн ховорт тооцогддог амьтан. Судалгаанаас үзвэл, тооны хувьд мазаалай 50 гаруйд хүрсэн байна. Мазаалай баавгайг хамгаална гэдэг нь бусад ан амьтан, байгалийн тогтолцоог хамгаалж байна гэсэн үг. Мазаалайг хамгаалах ажлын хүрээнд идэш тэжээлийн цэг байгуулсан. Камержуулалтын системээс үзэхэд, энэ төрлийн баавгайгаас гадна бусад амьтад идэш тэжээлээ олж иддэг болсон байна. Мөн тэнд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэн сургалтад хамруулж, олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Засгийн газраас 2023 онд баталсан 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, түүнийг дотоод болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах бодлогыг хэрэгжүүлж буй. Энэхүү бодлогын хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан "Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил" улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж байна. Тэр дундаа, хүүхэд залууст мазаалай баавгайг таниулах, хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөр нь хамгийн чухал, үр дүнтэй ажлын нэг юм. Өнөөдөр хаалтаа хийж буй энэхүү хөтөлбөр бол мазаалайг хэрхэн хадгалж хамгаалах вэ, тоо толгойг нь хэрхэн өсгөх вэ, ирээдүйд хэрхэн авч үлдэх вэ гэсэн төрийн бодлогод туссан үе шаттай үйл ажиллагааны нэг хэсэг юм” хэмээн онцлов.


“Үндэсний бахархалт амьтан-мазаалай баавгайг таниулах” хөтөлбөр хэрэгжсэнээр,

-Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгосон.

-Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшсөн.

-Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарласан.

-Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжсөн.

-Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулсан.

-Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэхүү арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх боломж бүрдсэн аж.


БОУАӨЯ цаашид энэхүү хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай өргөжүүлж, бүх аймаг, сумын сургуулийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавиад байна. 









関連ニュース