Ойн нөөцийн ашиглалттай холбоотой 170 зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-28 11:15:57

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-наас ойн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус шалгалтад 324 иргэн, ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага 81, үйлдвэрлэлийн ашиглалттай найман байгууллага, ойн нөхөрлөл 56, мод, модон материалын 15 захыг тус тус хамруулаад байна.

Одоогоор ойн нөөцийн ашиглалттай холбоотой 170 зөрчлийг илрүүлэн 77 иргэн, 45 хуулийн этгээдийн зөрчлийг шалгаж, 83 хувийг нь шийдвэрлээд байна. Тухайлбал, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан таван модны захын үйл ажиллагааг түр зогсоож, гэмт хэргийн шинжтэй 22 үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох 231 м3 мод модон материал, 95 кг ойн дагалт баялаг, дөрвөн тоног төхөөрөмжийг хураан авч орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлээд байна.

 

Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна.

 


 


関連ニュース