Байгаль орчинд хохирол учруулсан 28 хуулийн этгээдэд нөхөн төлбөр оногдуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Байгаль орчны хяналтын чиглэлийн эрсдэлийн шалгуураар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн обьектод төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү хяналт шалгалт нь салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу байгаль орчны багц хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг бууруулах чиглэлтэй төлөвлөгөөт ажил юм.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 351 обьект буюу нийт төлөвлөгөөт шалгалтад хамрагдах 973 обьектын 36 хувийг хамруулан төлөвлөгөөт хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтаар байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 194 иргэн, хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 28 хуулийн этгээдэд байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан байна. Шалгалтын хүрээнд 904 заалт бүхий 328 улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж, улсын хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.