ОРХОН: Анхны авто бааз таван ажилтантайгаар эсгий гэрт ажлаа эхэлж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 28/МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Орхон аймагт авто тээврийн байгууллага байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал боллоо.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 376-р тогтоолоор Эрдэнэт хороонд Булган аймгийн 8-р баазаас хоёр ПАЗ 672 автобус, мөн тооны Газ 53 автомашин, дөрвөн жолооч, дарга гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй хэсгийг шилжүүлж, одоогийн Хивсний үйлдвэрийн зүүн хойд талд эсгий гэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Эрдэнэт хотод авто баазын анхны суурь тавигдсан юм.
Баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Ганболд нар оролцож ажил хөдөлмөрөөрөө манлайлсан тээвэрчдэд Засгийн газрын болон орон нутгийн шагнал гардууллаа.
Монгол Улсад Автотээврийн салбар 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр байгуулагдаж, анхы ачаа бараа, хүн, шуудан бичгийг авто машинаар зөөвөрлөж эхэлсэн түүхтэй.