Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 29 орны жүдочид барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-18 16:26:52

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнийг манай улс гурав дахь удаагаа болох гэж байна.


Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран “Лос-Анжелес 2028” зуны олимпын наадмын эрх болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнийг энэ сарын 25-27-нд “Степ Арена”-д зохион байгуулах юм. Энэхүү тэмцээнд 29 орны 247 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө.


Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр нэг жинд дөрөв, нийт 56 жүдочоо барилдуулахээр мэдүүлэг өгчээ. Өнөөдрийн байдлаар 66 кг-ын жингийн шилдэг бөх ДАШТ-ий хүрэл медальт, Европын анхдугаар наадмын аварга Камал Хан Магамедовоор удирдуулсан Бахрейны хаант улс болон АНЭУ, ОХУ-ын жүдочид манай улсад ирсэн бөгөөд хамтарсан бэлтгэлд оролцож байна. 


Дэлхийн шилдгүүдээс Португалын Патрициа Сампаио, Испанийн Николаз Шеразадишвили, Молдавын Денис Вейру, Оросын Сабина Гилиазова, Азербайжаны Балабай Агаейв, Туран Байрамов, Францын Леа Фонтайн, Астрайд Жнето, Японы Мами Үмэки, Узбекистаны Достон Рузиев, Украины Богдан Йадов, Артем Лесиук, АНЭУ-ын Карим Абдулаев нар Монголын дэвжээнд барилдах нь ээ. Тус тэмцээнд Япон, Франц, Солонгос, ОХУ, Узбекистан, Хятад, Тажикстан зэрэг орон 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа юм. 


Тэмцээнийг С1 телевиз албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулна. Тэгвэл “Их дуулга”-ын тасалбарын үнэ 30, 100 мянган төгрөг бөгөөд Shoppy.mn-ээр худалдаалж эхэлжээ. Улаанбаатарын тэмцээн нь энэ онд зохиож буй "Их дуулга" ангиллын долоо дахь цуврал бөгөөд үүнээс хойш ирэх арваннэгдүгээр сар хүртэл "Их дуулга"-ын тэмцээн завсарлана. Улмаар арваннэгдүгээр сарын АНЭУ-ын Абу Даби хотод 2025 оны найм дахь "Их дуулга" болох хуваарьтай байна.

関連ニュース