Уулын цанын тамирчин А.Ариунбат анх удаа өвлийн олимпод оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-14 16:57:50

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.


Тодруулбал, тэрбээр АНЭУ-ын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнээс 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120-иос доош байх шаарлагын болзлыг биелүүлжээ. Түүний хувьд 108.18 онооны дунджаар “Милан-Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцохоор болсон бөгөөд манай улс уулын цанын төрөлд анх удаа тамирчнаа илгээх боломжтой боллоо.


Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа. Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан юм.


Шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлагад уралдсан А.Ариунбат дөрвөн гараатай тэмцээнээс зургаа болон долдугаар байр эзэлсэн байна. Ингэхдээ 88.55 болон 94.94 оноо авснаар таван гарааны дунджаар 108.18 оноотой болжээ.

関連ニュース