Г.Занданшатар: Дэвшилтэт технологи, үйлчилгээг олон улсын жишигт тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр, монголчууд бид ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, өндөр бүтээл, үр ашигтай авто тээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ. Бахдам амжилтын түүхийг бүтээсэн ахмад үедээ талархаж, баялаг түүхийг түүчээлж яваа энэ цагийн залуустаа баярлаж байна. Салбарын үүслээр 100 жил хэмээн тоологдож буй боловч, монголчууд 1900 оны эхээр “Хаалган хүрээ тээврийн пүүс” хэмээх өнөөдрийн бидний нэршсэн улс хоорондын тээвэр хийж байсан түүхэн баримтыг дурдлаа.
1925 оны сүүлчээр 25 автомашинтай авто баазыг байгуулснаар өнөө цагийн үндэсний тээврийн байгууллагын суурь тавигдсан. Энэ 100 жилийн хугацаанд тус салбар улс орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өргөн уудам нутгийг холбож, хөгжлийн үрийг түгээж явсан авто тээвэрчдийн нөр их хөдөлмөрийг үеийн үед бахархан дуурсах учиртай хэмээгээд монгол хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн тод томруун илэрхийлэл бол үе үеийн авто тээвэрчид гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, "Авто тээврийн салбар улс орны хөгжилд гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурдаад Монгол Улсын хөгжлийн түүх бол энэ салбарын түүх юм. 1960-аад оны манай улсын аж үйлдвэрлэл, газар тариалан бүтээн байгуулалтын хөгжлийн үеийг авто тээвэрчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайлбал, 1950-иад оны сүүлчээр тус салбарт “зуу мянгат”, “бумтан” жолооч, 1960 оны эхээр “саятан” жолооч зэрэг хөдөлгөөн өрнөн энэхүү алдрын эзэн болохын тулд саад бэрхшээлийг давж, хөдөлмөрлөж ирсэн ахмад тээвэрчдээрээ бахархаж байна. Авто тээврийн салбарын 100 жилийн амжилтыг тоон баримтаар илэрхийлбэл 1925 онд авто тээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж 213 дахин нэмэгджээ. 1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145.1 сая зорчигч тээвэрлэсэн нь 181.3 дахин өссөн байна. 2015 онд монголчууд олон улсын тээвэрлэлтэд нэг хувийг эзэлж байсан бол 2025 онд 46 хувь болж, долоон улсад тээвэр хийж байсан бол 2025 онд 23 улсад тээвэрлэлт хийж байна. Авто тээврийн салбарын өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн хэрэгцээг хангахын тулд хууль, эрх зүйн орчныг нь улам боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид Та бүхэн амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байна" гэв.
Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнажээ.