Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэхийг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-16 18:01:56

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.


Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг танилцуулав.


Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, 11 дүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ. Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны 10 дугаар сард багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна.


Түүнчлэн ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц бол 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай аж. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан бөгөөд үлдсээ төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх онцлов.


Түүнчлэн дунд даралтын станц болох 48МВт-ын станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмж, 2028 онд ашиглалтад оруулахаар ОХУ-тай хамтран шинэчлэх төслийг эхлүүлжээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх, данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж наймдугаао сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.


Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.










関連ニュース