Японы Эзэн хаан, Хатан нар Монголд хийсэн айлчлалаа “хэзээ ч мартагдашгүй” хэмээн тодорхойлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 15 /Kyodo/. Японы Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Монгол Улсад хийсэн айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлжээ. Хоёр орны найрамдалт харилцааг бататгах, дайны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх зорилготой энэхүү айлчлал ням гарагт өндөрлөсөн юм.
“Бид Монголын баялаг түүх, соёл, байгалийн гайхамшгийг биечлэн мэдэрч чадлаа” хэмээн Японы Эзэн хааны ордны газраас гаргасан мэдэгдэлд дурдаад энэхүү айлчлал нь Монгол Улсад хийсэн Японы Эзэн хааны анхны төрийн айлчлал болохыг онцолжээ.
Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож буй онд хийсэн найм хоногийн айлчлалынхаа үеэр Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар дайны дараа Монголд хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн юм.
Дайны дараа ЗХУ-ын цэргийнхэн Сибирьт хоригдож байсан 575 мянга орчим япон цэргээс 14 мянга орчим цэргийг Монгол руу шилжүүлж байв. Тэднийг хоёр жил орчим дэд бүтцийн төслүүд дээр ажиллуулсан бөгөөд 1700 гаруй нь нас барсан гэж үздэг.
Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Японы засгийн газраас Улаанбаатар хотын захад байгуулсан дурсгалын цогцолборт мягмар гарагт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэн нэг минут чимээгүй зогссон юм. Энэхүү үйл явдал нь Японы Эзэн хаан хилийн чандад хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн анхны тохиолдол юм.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарын зохион байгуулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Эзэн хаан Нарүхито хийл хөгжмөөр Монгол Улсын морин хуурын чуулгатай хамтран тогложээ. Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар жил бүр зохион байгуулдаг Монголын хамгийн том баяр наадам болох Наадмын нээлтийг баасан гарагт үзсэн байна.
“Энэхүү айлчлалын үеэр бид олон жилийн турш ахиц дэвшилтэйгээр бэхжиж ирсэн хоёр орны найрамдалт харилцаа хэрхэн хөгжиж байгааг илүү гүнзгий ойлгож чадлаа” хэмээн Эзэн хаан, Хатан хоёр мэдэгдээд Монголын төр засаг, ард түмэнд халуун дотноор угтан авсанд талархаж буйгаа илэрхийлжээ.
Хятад, Орос
хоёр улсын дунд орших Монгол Улс нь Япон улстай 1972 онд дипломат харилцаа
тогтоожээ. Далайд гарцгүй тус улс 1990 онд ардчилал, эдийн засгийн
либералчлалыг эхлүүлснээс хойш хоёр улс нягт
харилцаагаа хадгалсаар ирсэн юм.