Уяачдын наадмын барилдаанд цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-13 20:17:17

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Уяачдын наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглолоо.


Улмаар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв. Тэгвэл их шөвөгт Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын начин Т.Дүгэрдорж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа.


Ташрамд дурдахад, цэргийн арслан Г.Жамбалдоржийн хувьд допингийн асуудлаас болж, нэг жилийн дараа үндэсний бөхийн торгон ногоон дэвжээнд гарч барилдсан юм. Түүний барилдах эрхийг хассан хугацааг холбогдох албаныхан нэг жил хөнгөлснөөр өнөөдрөөс бүх шатны барилдаанд зодоглох эрх нь албан ёсоор нээгдэж байна.


Уяачдын наадмын барилдааны үеэр Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлөөс түрүү бөхийнхөө амжилтыг “Лексус-600” маркийн автомашинаар мялаасан юм. Тэгвэл үзүүрлэсэн шинэхэн гарди Н.Өсөхбаярын үзүүлсэн амжилтыг “Эвт чулуу” компаниас эдэлбэр газар бүхий хоёр давхар 154м2 дөрвөн өрөө хаусаар мялааснаа албан ёсоор зарлалаа. 













関連ニュース