БАЯНХОНГОР: Гол, нууруудын усны түвшин ОЖД-аас их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-18 15:53:38

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар усархаг бороо орох тул голын ай саваар нутаглаж буй малчид, аялагчид үер болон аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-ийн Ус судлалын салбараас анхаарууллаа.


Энэ сарын 19-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 19, 22-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө +7 +12 градус, өдөртөө +21 +26 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +12 +17 градус, өдөртөө +24 +29 градус, говийн нутгаар шөнөдөө +18 +23 градус, өдөртөө +31 +36 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +20 +25 градус, өдөртөө +32 +37 градус дулаан байна.


Ташрамд, Баянхонгор аймгийн гол, нууруудын усны түвшин Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 109 см буюу үертэй байна. 7 дугаар сарын олон жилийн дундаас 3 см, Түй-Богд усны түвшин 140 см, долоодугаар сарын олон жилийн дундаас 52 см, Шаргалжуут голын усны түвшин 109 см, долоодугаар сарын олон жилийн дунджаас 13 см их байна. Орог нуур ширгэсэн.

Хангайн нурууны өврөөс эхтэй Галуут сумын Цагаантуруут голын усны түвшин 173 см, долоодугаар сарын олон жилийн дунджаас 29 см, Заг голын усны түвшин 305 см, долоодугаар сарын олон жилийн 33 см их байна. Байдраг-Байдраг голын усны түвшин 76 см, долоодугаар сарын олон жилийн дунджаас 25 см бага байгаа бол Байдраг-Баянбүрд голын усны түвшин 206 см, долоодугаар сарын олон жилийн дунджаас 68 см их байна.


Мөн Бөөнцагаан-Баацагаан нуурын усны түвшин 194 см байгаа бол Гурванбулаг Шар-Ус голын усны түвшин 32 см, Хөх нуурын усны түвшин 153см байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.


関連ニュース