Франц улстай олон улсын стандартад нийцсэн нислэгийн орчныг бүрдүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-08 17:16:22

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. ИНЕГ, Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк BPI France, Францын Үндэсний иргэний нисэхийн их сургууль (ENAC), дэлхийн хэмжээний технологийн шийдэл нийлүүлэгч Thales Group хамтран ажиллах санамж бичиг байгуулав.


Бүгд Найрамдах Франц Улс болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан байгуулсан энэхүү санамж бичиг иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг стратегийн түвшинд шинэ шатанд гаргах зорилготой юм. Талууд санамж бичгийн хүрээнд нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем, тоног төхөөрөмж, дэд бүтэц, сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон талт, цогц чиглэлд хамтарна. Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын баталгаагүйгээр санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж, агаарын навигацийн хураамжийн орлогоос санхүүжилтийн эх үүсвэр гаргах боломжийг судлах аж.


Энэхүү хамтын ажиллагаа нь агаарын навигацийн чадавхийг нэмэх, олон улсын стандартад нийцсэн, аюулгүй, үр ашигтай нислэгийн орчныг бүрдүүлэхэд чухал түлхэц болно хэмээн ЗТЯ-наас мэдээлэв. 

関連ニュース