Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдрыг дэлгэн үзүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монгол авдар” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог. Нүүдэл суудал хийх цагт ч мөн авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай. Энэ нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том бага хэмжээтэйгээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой. Түүнчлэн айлын авдраас тухайн өрх, гэр бүлийн гишүүдийн намтар, нутаг хошууны түүх, улс гүрний түүх цадигийг ч тодруулж үзэх боломжтой юм.
Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эртнээс төрөл бүрийн модоор олон нэрийн эд хэрэглэл чадварлагаар хийж ирсэн баялаг уламжлалтай. Судлаачдын тэмдэглэснээр, монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж ирсэн бөгөөд түүний дотроос хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байжээ.
Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй авдар сав, тэдгээрийн өвөрмөц төрлөөс 100 гаруй үзмэрийг дэлгээд байна.
Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан
Б.Ууганбаяр хэлэхдээ, "Монгол авдар гэхээр
хүн бүрийн зүрх сэтгэлд арслантай авдрын дүр хамгийн түрүүнд буудаг.
Гэтэл өвөг дэдээс маань эрт цагаас том, жижиг хэлбэртэй, өөр өнгө будагтай олон
янзыг авдрыг хэрэглэж ирсэн түүхтэй. Үзэсгэлэнд XIX зууны сүүлч үеэс XX зууны дунд үе хүртэлх үеэс
уламжлан ирсэн суран үдээстэй дан авдар, эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл хийх зориулалттай
жижиг авдар зэрэг 40 орчим үзмэр дэлгэсэн. Монгол авдрыг газар нутаг, эдэлж
хэрэглэж байсан хүмүүс, үндэстэн угсаатнаар нь ангилах бүрэн боломжтой.
Тухайлбал, барга угсаатны хэрэглэж байсан авдар хэмжээгээр жижиг ч монгол авдрын
хийц хэлбэрийн сонгодог жишээ болдог. Гэхдээ үүн дээрх дүр дүрслэл нь өөр. Авдрын өвөрмөц нэгэн төрөл болох үхэг авдар зэрэг ховор сонин зүйлсийг ч энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой” гэв.
Тус үзэсгэлэнд авдраас гадна төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цуу цуурга, түлхүүрийн нэр, шүүгээ, үйлний хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар, номын шогол, хорлын ба дармын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэн харуулжээ.
Үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Тодруулга: Хүн төрөлхтөн нэн эрт үеэс ахуй амьдралын шаардлагадаа нийцүүлэн орон сууц болон ахуйн хэрэглээний олон төрлийн тавилга хэрэгслийг урлаж хэрэглэсээр ирсэн. Тэр дундаа авдар хэмээх эд зүйлсээ хадгалах хайрцаг, сав нь хэдэн мянганы туршид гэрийн хамгийн түгээмэл хэрэглээтэй тавилга болсоор ирсэн юм.
Нүүдлийн амьдралын хэвшил бүхий монголчуудын хувьд авдар савны хийц нь энгийн, нүүх суухад тохиромжтой, олон талт хэрэглээний зориулалттай ба хэлбэр хийцээр үхэг, хөвхөн тагтай, нээлэнхий тагтай авдар гэх мэт нэрлэх боловч мөн хийсэн материалаар нь ширэн, модон хэмээн голчлон заах ба ур хийцээр зүмбэртэй, эрээлсэн /шивүүр цоолбор, хээлэх/ сийлбэртэй хэмээн ангилдаг байна. Мөн худалдаа наймаа болон шашин соёлын нөлөөгөөр монголчуудын хэрэглээнд төвөд, хятад, хийцийн авдар савнууд ч түгээмэл байжээ.