Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-05 13:44:09

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, харьяа байгууллага, газар хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчдад Үндэсний их баяр наадмын өдрүүдээр болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг  өнөөдөр болсон шуурхай хуралдааны үеэр анхааруулав.


Тэрбээр баяр наадмын өдрүүдэд гадаад дотоодын аялагчдын тоо эрс өсч, орон нутгийн замын хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Иймээс иргэдийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулж, бороо, үер ус зэрэг цаг агаарын эрсдлээс үүдэлтэй авто болон төмөр замын эврэл гэмтэл, халтиргаа гулгаа үүсэх, онгоцны нислэгийн цаг хоцрох, саатах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллахыг онцгойлон анхааруулав. Мөн ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболдод баярын өдрүүдэд хяналт шалгалтын байцаагч нараа дайчлан ажиллаж, автозамын эвдрэл гэмтэл аюулгүй байдалд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө. 


Зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйтай холбогдуулан "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих” төслийн ажилд гар бие оролцож буй компанийн ажилтнууд болон “Монголын төмөр зам” ТӨК-ийн нүүрс тээврийн ажил хариуцан гүйцэтгэж буй хүмүүс энэ өдрүүдэд ажиллана. Иймээс дотоод зохион байгуулалт болон ажилчдынхаа эрүүл аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй хэмээв.  Мөн хилийн боомтуудыг 4-5 хоног түр хаах хуваарь гарсан учир авто зам болон төмөр замын ачаа тээврийн зохицуулалтыг хэрхэн хийх талаар холбогдох газрын дарга нар анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов. 


Түүнчлэн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Авто зам, Агаарын тээвэр хариуцсан бүх газрын дарга нар  салбар тус бүрийн дотоод зохион байгуулалт, хяналт шалгалтын ажлуудын талаарх мэдээллийг шуурхай хүлээн авах, зохион байгуулалтад анхаарч ажиллах үүднээс  гар утсаа 24 цаг нээлттэй байлгахыг сануулав.







関連ニュース