Газын зурваст 60 хоног гал зогсоохыг Израилын тал зөвшөөрсөн гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-02 10:50:35

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 2 /BBC/. Израилын тал АНУ-ын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Газын зурваст хоёр сарын хугацаанд гал зогсоох нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. 


"Өнөөдөр миний төлөөлөгчид израилчуудтай Газын зурвасын асуудлаар үр дүнтэй уулзалт хийлээ. Израилын тал 60 хоног гал зогсоох нөхцөлүүдийг зөвшөөрсөн. Энэ хугацаанд бид дайныг зогсоохын тулд бүх талтай хамтран ажиллах болно" гэж тэрбээр "Truth Social" нийгмийн сүлжээнд бичээд гал зогсоох нөхцөлүүдийг тодорхой дурдаагүй байна.


Америкийн удирдагчийн хэлснээр, "энх тайван тогтоохын төлөө маш шаргуу ажилласан" Катар, Египетийн төлөөлөгчид одоо ХАМАС бүлэглэлийнхэнд эцсийн саналыг танилцуулах ажээ. 


“Ойрх Дорнодын сайн сайхны төлөө ХАМАС энэ тохиролцоог хүлээж авна гэж би найдаж байна. Учир нь тохиролцохгүй байснаар байдал улам л дордох болно” гэж Д.Трамп нэмж дурдсан байна. 


Израилын стратегийн төлөвлөлтийн сайд Рон Дермер Газын зурвас болон Ираны нөхцөл байдлыг, мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн АНУ-д хийх айлчлалыг хэлэлцэхээр Вашингтонд хүрэлцэн ирсэн тухай Америкийн хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ. 


Израил ба ХАМАС-ын хооронд гал зогсоох эхний тохиролцоо нэгдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн боловч гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан уг тохиролцооны эхний шат нь л хэрэгжсэн юм. 


Хоёр дахь үе шатанд бүрмөсөн гал зогсоох, Газын зурваст амьд үлдсэн барьцаалагдсан хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй палестинчуудаар солилцох, мөн Израилын цэргүүдийг Газын зурвасаас бүрэн гаргахаар тусгасан байв.

  

Гуравдугаар сард Израилын цэргүүд Газын зурваст дахин хүчтэй довтолгоо эхлүүлжээ. Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлэхдээ, ХАМАС барьцаалагдсан хүмүүсийг суллах, АНУ болон зуучлагчдын саналуудыг хүлээн авахаас татгалзсан тул цохилтоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гэжээ.


ХАМАС бүлэглэл 60 хоног гал зогсоох саналд тавдугаар сарын сүүлчээр хариу өгсөн боловч тус бүлэглэлийн тавьсан нөхцөлүүдийг АНУ, Израилын тал зөвшөөрөөгүй байна. 

関連ニュース