Д.Трамп: Хэлэлцээр байгуулах эсэх нь одоо Украины Ерөнхийлөгчөөс хамаарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 16 /DW/. АНУ-ын Аляск муж улсын Анкориж хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт дууслаа.
Уулзалтын дараа Д.Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө “Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтад бэлтгэх ажил эхэлсэн” гэлээ.
Тэрбээр Кремлийн удирдагчтай “маш илэн далангүй” ярилцсан гэдгээ хэлээд, Оросын Ерөнхийлөгч дайныг зогсоох хэлэлцээрийг хийхийг хүсэж байгааг дурдав.
Дайныг дуусгах тохиролцоонд хүрэх магадлал “чамгүй өндөр” байгааг АНУ-ын Ерөнхийлөгч дурдаад, одоо В.Зеленскийгээс багагүй зүйл хамаарна гэдгийг тэмдэглэн хэллээ. Мөн Европын орнууд хямралыг зохицуулахад “тодорхой хэмжээгээр” оролцох ёстой гэдгийг дурдав.
Телевизийн Fox News сувгийн хөтлөгч Шон Хэннити Д.Трампад хандан “Украины Ерөнхийлөгчид та ямар зөвлөгөө өгөх вэ?” гэж асуухад “Хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж зөвлөнө, гэхдээ Украин үүнийг үгүйсгэж магадгүй” гэв. Тэрбээр хэлэлцээр байгуулах боломжийн талаар тодорхой зүйл дурдаагүй бол Украины тал Цагаан ордны тэргүүний хэлсэн үгэнд одоогоор хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Хоригтой холбоотой Ш.Хэннитигийн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч хариулахдаа "өнөөдрийн уулзалт маш амжилттай болж өнгөрсөн учраас Оросын нефтийг худалдан авч буй улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ойрын үед бодмооргүй байна, магадгүй 2-3 долоо хоногийн дараа энэ талаар бодож магадгүй" гэлээ.
Мөн Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа үр дүнг “10
онооноос 10 оноо” гэж дүгнэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.