Европын улс төрийн нийгэмлэгийн долоо дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-03 09:59:02

КОПЕНХАГЕН, 2025 оны аравдугаар сарын 3 /Kazinform/. Данийн нийслэл Копенхаген хотноо Европын болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын хөрш 40 гаруй улсын удирдагчид пүрэв гарагт уулзлаа. 


Европын улс төрийн нийгэмлэгийг анх 2022 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны санаачилгаар хуралдуулж байв. Тус нийгэмлэгт Европын улс орнууд үндсэндээ бүгд багтдаг бөгөөд ЕХ болон тус холбоонд багтдаггүй орнуудын хамтын ажиллагааг, ялангуяа аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлд өргөжүүлэх зорилготой.


Энэ удаагийн нэг өдрийн албан бус дээд хэмжээний уулзалтад Исландаас эхлээд Азербайжан, Финландаас эхлээд Португал хүртэлх 45 гаруй улсын удирдагчид оролцжээ. Анхны уулзалт 2022 оны 10 дугаар сард Прага хотноо болсон байна.


Европын улс төрийн нийгэмлэгийн гол зорилго бол Европт аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний хямралд хамтран хариу арга хэмжээ авах, дэд бүтэц ба тээврийн харилцааг хөгжүүлэх, мөн ардчилсан үнэт зүйлс болон олон улсын хууль тогтоомжийг дэмжих явдал юм.


Энэ удаагийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Э.Макрон Италийн Ерөнхий сайд Ж.Мелонигийн хамтаар Европын улс төрийн нийгэмлэгийн хүрээнд мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх шинэ санаачилга дэвшүүлэв. "35 улсын төр, засгийн тэргүүн нар хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хүчээ нэгтгэж байна. Илүү нэгдмэл Европ бол хамгаалалт юм" хэмээн Францын Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд бичжээ.


Үүнээс өмнө, аравдугаар сарын 1-нд ЕХ-ны 27 гишүүн улсын удирдагчид Дани улсын нийслэлд мөн албан бус уулзалт хийсэн байна.

関連ニュース