Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох
чадварыг бэхжүүлэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов.
“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох
чадварыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу
зохион байгуулсан тус хуралд 15 илтгэгч оролцсон юм. Тэд бий биелгээний төрөл зүйл,
хэв намба, ихлийн татлага, угсаатны хувцас, өмсгөл зүүсгэлийн харилцан
хамаарал, ихэл урлал, хийц бүтээц, бий биелгээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлага, өвлүүлэн уламжлуулах хэлбэр, өвлөн уламжлагчдын урын сан, соёлын
биет бус өвийн оршин тогтнох чадварыг хангах хүчин зүйлс зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд баяд, дөрвөд, захчин, урианхай, торгууд, хотон угсаатны бий биелгээг уламжлалт хэлбэр, хэв намбаар нь үеэс үед өвлөн уламжилсан Увс аймгийн Тариалан, Хяргас, Малчин, Ховд сум, Ховд аймгийн Манхан, Булган, Жаргалант сумын 7 өвлөн уламжлагч тус бүр хоёр шавийн хамт, өндөр настай өвлөн уламжлагч, 84 настай Ж.Хумбаа, 82 настай Т.Цэмбэл нар хүрэлцэн ирж оролцжээ.
Баруун монголын баяд, дөрвөд, захчин, урианхай, торгууд, хотончуудын дунд өвлөгдөн ирсэн “Монгол ардын бүжиг, Бий биелгээ” өвийг Монгол Улс 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн.
Тухайн цаг үед 20 хүрэхгүй өвлөн уламжлагчтай байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 417-д хүрчээ.