“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-12 11:49:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд нээнэ.


Түүний хувьд Монгол төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг орчин цагийн шаазан урлалаар дахин амилуулж, “Их Монгол төсөл”-тэй хамтран уламжлалт дэг сургуулийн үнэ цэн, гоо зүй, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна. Намрын адаг сарын шинийн 25-ны морин цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд нээлттэй байх юм.


Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү оюутан цагаас хойш өнөөг хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судалж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг. Тэрбээр Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байна.


Олон давхар задаргаат хэв авалт, төрөл бүрийн материалын цутгалт, паалангийн будалт, өндөр температурын давтан шатаалт зэрэг нарийн технологийн шат бүрийг судлан, туршиж, залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвидаг нь түүнийг Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг болгожээ.

関連ニュース