“Алтан хайч-2025” улсын анхдугаар тэмцээнд 100 гаруй хонь ноослогч оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээний нээлт Төв аймгийн Зуунмод хотын “Өв соёлын төв” цогцолборт эхэллээ.
Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээн хонины ноосны үнэ цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, ноосон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилго агуулж байгаа юм. Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн техник, технологийг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуучуудыг урамшуулах аж.
“Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч, цахилгаан хайчаар ахлан суралцагч болон мэргэжлийн ноослогч гэсэн гурван төрлөөр зохион байгуулж байна. Тэмцээний сүүлийн шат маргааш үргэлжлэх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Австралийн нэг, Шинэ Зеландын долоон мэргэжлийн хүн, малчин, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтаж байна.
Хонь ноослогчдын “Алтан хайч” тэмцээнийг олон улсад анх 1961 онд Шинэ Зеланд улс зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ дэлхийн 15 орон өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тэмцээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэр, шагайн харваа, ноос томнох, хонь ноослогчид дуулж байна зэрэг тэмцээн уралдаан болох аж.
Тус тэмцээнд нийт 18 аймгийн 19-70 насны 100 гаруй ноослогч оролцож байна. Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Амарсанаа, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймаг, сумдын удирдлагууд, 20 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.