Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-18 10:09:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлжээ.


Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто болон явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцсөн байна.


Хотын дарга Х.Нямбаатар “Аяны хүрээнд хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явсны хувьд хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд байгааг ажиглалаа. Тухайлбал, Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй юм. Зарим хэсэгт явган хүний болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг эрчимжүүлнэ. Эхний ээлжид Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчилнэ” гэв.


“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд эхний ээлжид нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан номыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр гаргаж боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг нутгийн удирдлагын байгууллагын Засаг дарга нарын эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Цаашид тус аяныг орон даяар хэрэгжүүлэх аж.




関連ニュース