Элсний нүүдлийг сааруулж мод тарьж, ургуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-14 18:56:01

Улаанхад 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын сэтгүүлчдийн багийн хамтарсан сурвалжилга үргэлжилж байна. 


Энэ удаад бид Улаанхад хотын аялал жуулчлалын чухал хэсэг болсон Хашлууны элсэн нуурын аялал жуулчлалын бүсэд зочиллоо. 



БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад хотын Онниуд хошуу нь  Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун талд байрладаг, 400 мянган хүн амтай, 12000 км2  газар нутагтай, нийт газар нутгийн 40 хувийг нь элсэрхэг газар эзэлдэг нутаг аж.


Энэ бүс нутгийг цөлжихөөс сэргийлэх зорилгоор 1978 оноос элсний нүүдлийг сааруулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд элсэрхэг газар нутагт мод бутлаг ургамал тарьж, элсний нүүдлийг зогсоож чаджээ. 


Ингэхдээ эл үйл хэрэгт юуны өмнө нутгийн иргэд, малчид тариачдыг татан оролцуулж, газар нутгийнхаа элсний нүүдлийг зогсооход гар бие оролцвол Засгийн газраас  урамшуулал олгон  дэмжиж ирсэн байна. 


Элсний нүүдлийг сааруулахдаа дөрвөн талдаа 2 метрээс хэтрэхгүй шоо дөрвөлжин байдлаар хулс мэт босоо ургамлыг элсэнд шигүү хатгаж эгнүүлэхийн зэрэгцээ элсэн толгод дундуур авто замыг олноор барьж, иргэд мод бутаа унаа машинаар элсэн дунд зөөж хүргэх боломжийг хангах, хөрс шороо голдоггүй, усалгаа бага шаарддаг бургас, харгана, арц, нэгэн зүйлийн гацуур зэрэг модыг тарьдаг бөгөөд эдгээр модыг тариад гурван жилдээ арчлан ургуулж чадвал цаашдаа өөрөө бие даан ургах боломж бүрддэг гэнэ. 





Өмнө нь "амьгүй" шахам элсэн цөлийг ойжуулснаар эл хэсэг дэх экологийн тэнцвэрт байдал сэргэж, элдэв төрлийн шавьж, мэрэгч, шувууд, туурайтан зэрэг амьтдын амьдрах таатай орчин бүрдсэн байна. 


Мөн элсэрхэг нутгийн хэсэг газрыг сонгож, цөлжихөөс хамгаалах, мод бут тарих арга хэрэглэлгүй байгалийн өөрийн нь дагшин байдлаар үлдээж, түүнийг эрдэм шинжилгээ судалгааны болон экологийн зориулалтаар судалдаг байна. 


Улаанхад хотын аялал жуулчлалын чухал хэсэг болсон Хашлууны элсэн нуурын аялал жуулчлалын бүс нь ӨМӨЗО-ы Улаанхад хотын Онниуд хошууны Удан хотоос зүүн хойш 30 км зайд оршдог. 100 гаруй километр үргэлжилсэн элсэн цөл, олон мянган акр талбайтай бургасны дундуур, найгасан эртний нарс, хад чулуу сүндэрлэн үргэлжилж, намгархаг газрын нуурны ус нь нэлийн, аялал жуулчлалын шинэ хурдны зам нэвтэрсэн. Хуншань Хашлууны элсэн нуурын аялал жуулчлалын бүс нь "Хуншань соёл" зэрэг түүхэн дурсгалт газар, соёлын охь шилдгээр хөгжлийн үндэс болгон баримталдаг. Сүүлийн жилүүдэд тасралтгүй бүтээн байгуулалт хийснээр анхлан соёлын үзмэр, экологийн болон байгалийн үзмэр, хиймэл үзмэр зэргийг нэгтгэсэн АААА зэрэглэлийн аялал жуулчлалын бааз болж, аялал жуулчлалын нөөцийг аялал жуулчлалын зах зээлийн маркетинг болгон хувиргах үндэс суурийг тавьсан. Үүний үндсэн дээр аялал жуулчлалын бүсийн соёлын бүтээн байгуулалтын эрчмийг цаашид нэмэгдүүлж, ерөнхий төлөвлөлтийг хэрэгжүүлж, аялал жуулчлалын брэндийн бүтээгдэхүүнийг буй болгон, соёлын аялал жуулчлалын уур амьсгалыг тасралтгүй дээшлүүлж, Улаанхад хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ахиц дэвшил гаргасаар байгаа ажээ. 

関連ニュース