Тавдугаар сард 66 мянган жуулчин Монголд иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-06 15:40:49

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад өнгөрсөн тавдугаар сард 66360 гадаад жуулчин иржээ.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5000-аар өссөн үзүүлэлт аж. Харин 2025 он гарснаас хойш 226 мянган жуулчин манай улсад ирсэн байна. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөсний хүрээнд Монголыг таниулах, сурталчлах зорилготой “Монголд зочлох жил”-ийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн.


Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1.2, 2024 онд 1.6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлсэн байна.


Үүнээс гадна Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 1-11-нд манай улсад 52 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын олонх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон байдгийг аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос анхаарууллаа. 

関連ニュース