Цөмийн эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх тухай зарлигуудад Д.Трамп гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-24 11:37:38

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 24 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн эрчим хүчний хэрэглээг ихээхэн өргөжүүлэх зорилготой дөрвөн зарлигт баасан гарагт буюу өчигдөр гарын үсэг зуржээ.


Зарлигуудын нэгд цөмийн эрчим хүчний салбарын зохицуулалтын хороо цацрагийн нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээнд хэт болгоомжлон хандаж, хатуу хязгаар тогтоож байгаа эсэхийг нарийвчлан үнэлж дүгнэхийг үүрэг болгожээ. Д.Трампын зарлигуудын дагуу тус хороо нь мөн цөмийн реактор барих зөвшөөрлийг 18 сарын дотор олгох үүрэг хүлээх бөгөөд ингэснээр олон жил үргэлжилдэг үйл явцыг түргэсгэнэ гэж үзэж байна.


Д.Трампын гарын үсэг зурсан бас нэг баримт бичигт Эрчим хүч, Батлан хамгаалахын яамдад холбооны улсын газар нутагт цөмийн реактор барихыг зөвшөөрч байгаа бөгөөд ингэснээр батлан хамгаалахын хэрэгцээ, хиймэл оюун ашигласан үйл ажиллагаанд цөмийн эрчим хүчийг ашиглах боломж бүрдэх ажээ. Д.Трамп мөн ураны салбарт Хятад, Оросоос хараат байдлаас ангижрахын тулд ураны олборлолт, баяжуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 


Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна

Д.Трампын засаг захиргаа хиймэл оюуны салбарын эрчтэй хөгжлийн улмаас сүүлийн хэдэн арван жилд анх удаа эрчим хүчний огцом эрэлттэй тулгарч байгаа юм. Д.Трамп үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө эрчим хүчний салбарт онцгой байдал зарласан.


АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт хэлэхдээ, хиймэл оюуны технологид шаардлагатай эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, мөн өгөгдөл боловсруулах төвүүдийг хөгжүүлэхийн тулд “Манхэттений төсөл”-тэй (Дэлхийн II дайны үед хэрэгжүүлж байсан цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр) адил томоохон төсөл хэрэгжүүлэх болно гэжээ.


Д.Трамп АНУ-ыг цөмийн салбарт дахин “хүчирхэг улс” болгохыг хүсэж байгаагаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хэлснээр, шинэ бодлогын гол зорилго нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг ирэх 25 жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдүүлэх юм.

関連ニュース