Их Британийн тал АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. Их Британийн тал Карибын тэнгист мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй хөлөг онгоцнуудын талаарх тагнуулын мэдээллийг АНУ-д дамжуулахаа түр зогсоожээ.
Ийм шийдвэр гаргасны шалтгаан нь ийм хөлөг онгоцнуудад АНУ цохилт өгөх нь хууль бус гэж үзэж байгаагийн сацуу үүнд оролцохыг хүсэхгүй байгаатай холбоотой гэж CNN телевиз энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудыг эш татан лхагва гарагт мэдээлсэн байна.
Тус бүс нутагт байрладаг Их Британийн тагнуулын байгууллагын албад мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хөлөг онгоцнуудыг илрүүлэхэд туслах мэдээллийг АНУ-д олон жилийн турш өгсөөр ирсэн байна. Эдгээр мэдээллийг авснаар АНУ-ын эргийн харуулууд сэжигтэй хөлөг онгоцнуудыг зогсоож, шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд багийнх нь гишүүдийг баривчлах, илэрсэн мансууруулах бодисыг хураан авдаг байжээ.
Тагнуулын мэдээллийг ихэвчлэн хэд хэдэн түнш улсын төлөөлөгчдөөс бүрдсэн “Өмнөд" гэдэг байгууллага хоорондын нэгдсэн бүлэгт дамжуулдаг байжээ. Мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх зорилгоор байгуулсан уг бүлэг нь Флорида муж улсад байрладаг аж.
CNN-ийн мэдээлснээр, энэ оны есдүгээр сард АНУ Карибын тэнгис дэх усан онгоцнуудад цохилт өгч эхэлснээс хойш Их Британийн эрх баригчид цохилтын байг тодорхойлоход тагнуулынх нь мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж болгоомжилж эхэлжээ. Улмаар ийм шийдвэр гаргасан нь тагнуулын мэдээллээ солилцдог хамгийн ойрын түнш, холбоотон улсууд болох хоёр орны харилцаанд томоохон ан цав үүсэж, Латин Америк дахь АНУ-ын цэргийн ажиллагаа хууль ёсны эсэхэд эргэлзээ нэмэгдэж байгааг харуулж байна гэж тус телевиз онцолсон байна.
2025 оны есдүгээр сарын эхнээс АНУ-ын цэргийн хөлөг онгоцнууд олон улсын усан орон зайд буй усан онгоцнуудад Венесуэлийн хар тамхины картелуудтай холбоотой гэж үзэн цохилт өгч эхэлжээ. Үүний зэрэгцээ мансууруулах бодисны наймаачидтай тэмцэх зорилгоор хэмээн тайлбарлан цөөн тооны цэргийн хөлөг онгоцоо Венесуэлийн эрэг орчимд, сөнөөгч онгоцнуудаа Пуэрто-Рикод байрлуулсан байна.
Ulaanbaatar