Л.Модрич Мадридаас явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-23 12:33:00

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 23 /AFP/. Реал Мадрид” багийн хагас хамгаалагч, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич энэ зун болох клубүүдийн ДАШТ-ий дараа Испанийн аварга багаас явна гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Өдгөө 39 настай Л.Модрич тус клубтэй байгуулсан гэрээ нь дуусах дөхөж буй энэ үед  Инстаграм хуудсандаа “Амьдралд бүх зүйл эхлэл ба төгсгөлтэй байдаг. Бямба гарагт би Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийнэ. Би бахархал, талархал, мартагдашгүй дурсамжийг тээн клубээ орхин явж байна. Клубүүдийн ДАШТ-ий дараа би энэ цамцыг талбай дээр өмсөхөө болих хэдий ч Мадридын шүтэн бишрэгч хэвээр байх болно” хэмээн бичсэн байна. 


Хорватын хөлбөмбөгчин 2012 онд Тоттенхэм”-ээс ирснээсээ хойш Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 600 шахам тоглолтод оролцож, Аваргуудын лигт зургаан удаа, Испанийн цомын тэмцээнд хоёр удаа, Ла лигт дөрвөн удаа түрүүлж, нийт 28 цомыг өргөжээЛ.Модрич 35 сая орчим еврогийн /40 сая доллар/ өртөг бүхий гэрээгээр Мадридад ирснийхээ дараа амаргүй цаг үеийг туулсан боловч богино хугацаанд хөлөө олж, дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг болж чадсан билээ.


Өнгөрсөн зун багийнхаа ахлагч болсон Л.Модрич 2018 онд “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд болон шигшээ багтаа амжилттай тоглосны учир Алтан бөмбөг” шагналыг хүртсэн юм. Тухайн онд Хорватын шигшээ баг ОХУ-д болсон ДАШТ-д дэд байрт шалгарсан билээ. Л.Модрич өнгөрсөн зун “Мадрид”-тай байгуулсан гэрээгээ 2025 оны зургаадугаар сарын 30 хүртэл нэг жилийн хугацаатай сунгасан юм. Гэхдээ тус клуб клубүүдийн ДАШТ-д амжилттай оролцвол гэрээний хугацаа хэд хоногоор сунгагдах магадлалтай. Тус тэмцээн долдугаар сарын 13-нд өндөрлөх юм.


Реал Мадрид болон багийн ахлагч Лука Модрич нар мартагдашгүй эрин үеийг дуусгахаар тохиролцлоо. Манай клуб төдийгүй дэлхийн хөл бөмбөгийн ертөнцийн домогт тоглогчдын нэг болсон түүнд талархал илэрхийлье. Модрич бол хөл бөмбөгийн түүхэнд зургаан удаа Европын цомыг өргөж чадсан таван тоглогчийн нэг бөгөөд Реал Мадридын 123 жилийн түүхэнд хамгийн олон цом хүртсэн тоглогч юм” гэж тус клуб мэдэгджээ.


Хагас хамгаалагч Л.Модрич “Реал”-ын бүрэлдэхүүнд 590 тоглолтонд оролцохдоо 43 гоол оруулсан бөгөөд багийнхаа хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчдын есдүгээрт бичигдэж байна. Харин довтлогч асан Раул 741 тоглолтод оролцсон амжилтаар жагсаалтыг тэргүүлж байна.


“Реалын үнэт зүйлсийг тээсээр ирсэн Модрич үлгэр жишээ хөлбөмбөгчний хувиар клубийн бүх шүтэн бишрэгчийн зүрх сэтгэлд үргэлж дурсагдах болно. Мадридын хөгжөөн дэмжигчид төдийгүй дэлхийн бүх хөгжөөн дэмжигч түүний тоглолтыг дурсах болно" гэж “Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перез мэдэгджээ.

 


関連ニュース