Шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-23 10:35:21

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Шатрын 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.


Тус тэмцээний нээлттэй ангилалд 95, эмэгтэйчүүдэд 97 шатарчин шигшээд оролцох эрх авахын төлөө өрсөлдөж байна. Энэ шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 11 байрт шалгарсан шатарчид ирэх есдүгээр сард шигшээ тэмцээнд өрсөлдөх эрх өвөртлөх юм. Шигшээд өнгөрсөн жилийн улсын аварга олон улсын мастер Г.Амартүвшин, их мастер Т.Мөнхзул нар урилгаар оролцох дүрэмтэй.


Уг тэмцээний нээлттэй ангилалд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн, Г.Мөнхгал, олон улсын мастер М.Амилал, С.Чингүүн, Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ, С.Итгэлт тэргүүтэн өрсөлдөж байна.


Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Ш.Үүрийнтуяа, хэдхэн хоногийн өмнө ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олон улсын мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул, олон улсын мастер У.Лхамсүрэн, С.Отгонжаргал, Б.Анхчимэг, Б.Баярмаа, ФИДЕ мастер Э.Энхрий, Х.Баясгалан, Э.Баясгалан, Б.Амин-Эрдэнэ, Э.Хулан, Б.Ану, Э.Хүслэн тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгох нь ээ.


Тэмцээн зургаан хоног үргэлжилж, 11 өргийн дараа ангилал тус бүрийн шилдэг 11 шатарчин тодрох юм. 













関連ニュース