Монголын дөрвөн тамирчин хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох эрх авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-20 11:57:12

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Японы Токио хотод эхэлнэ.


Тус тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од дэлхийн чансааны 66 дугаарт эрэмбэлэгдэж, 12 дахь удаагаа ДАШТ-д уралдах эрх авсан билээ. Түүнээс гадна Монголын марафон гүйлтийн гурван тамирчин Токиогийн замд уралдах эрхтэй болсон байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Ц.Бямбажав 82 дугаар байрт жагссан үзүүлэлтээр Токиог зорихоор болов.


Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар ДАШТ-д өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Тэд энэ удаа хувийн үзүүлэлтээ хадгалж, дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан шинэчилсэн жагсаалтад багтаж чадсанаар “Токио 2025” ДАШТ-д өрсөлдөхөөр боллоо.


Энэ тэмцээнд марафоны цагийн болзлыг биелүүлсэн эрэгтэй, эмэгтэй шилдэг 100 тамирчин уралдах юм. “Токио 2025” ДАШТ-д манай тамирчид дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлагад оролцоно.

関連ニュース