Энэ жилийн аварга баг 2025-2026 оны улиралд Зүүн Азийн супер лигт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-20 11:28:38

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын аварга удахгүй тодорно.


Тус баг 2025-2026 оны улиралд Зүүн Азийн супер лигт оролцох бөгөөд энэхүү лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс МСБХ-ны ерөнхийлөгч Г.Батцэнгэлд батламжийг гардуулан өгчээ. Лигийн аваргын төлөөх финалд “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” баг шалгарч үлдсэн. Хоёр багийн цувралд 3:2-оор “Хасын Хүлэгүүд” тэргүүлж эхэллээ. Тэд өчигдөр тав дахь цувралд өрсөлдөгчөө 84:48-аар буулган авсан юм. Ингэснээр аваргын цом өргөхөд нэг алхам урагшлав.


Тэгвэл лигт түрүүлсэн баг ирэх улиралд Зүүн Азийн супер лигийн “Bхэсэгт Япон, БНСУ,  Филиппиний лигийн аваргуудтай багтах аж. Багууд хэсгийн шатанд зургаа тоглохдоо  гурвыг нь талбайдаа хүлээн авах бол гуравт нь өрсөлдөгчийнхөө талбайд зочлох юм. Өнгөрсөн улиралд тус лигт 10 баг тоглож байсан бол 2025-2026 онд Монгол, Японы баг нэмэгджээ. Ингэснээр 12 баг дөрөв дөрвөөрөө гурван хэсэгт хуваагдаж тоглох аж.


Тодруулбал, Японы “В” лиг, Солонгос, Хятад, Тайвань, Монгол, Макао, Хонконг, Филиппиний дээд лигийн шилдгүүд өрсөлдөх нь ээ. Зүүн Азийн супер лигийн шинэ улирлын тоглолт ирэх есдүгээр сарын 27-нд эхлэх бөгөөд хэсгийн шатны нийт 42 тоглолт болно. Харин Монголын лигийн аваргууд эхлээд аравдугаар сарын 7-нд Филиппиний лигийн дэд аваргаар тодорсон багийн талбайд зочилно. Харин арваннэгдүгээр сарын 5-нд Солонгосын лигийн аваргыг талбайдаа хүлээн авах хуваарь гарчээ.


Зүүн Азийн супер лигийн 2024-2025 оны улирлын шууд дамжуулалтыг 192 сая хүн үзсэн гэх статистик байгаа юм.  

関連ニュース