Аймаг, цэргийн цолтны хаалтын барилдаанд хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-19 10:00:26

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн энэ улирлын хаалтын барилдаан боллоо.


2024-2025 оны улиралд бөхийн өргөөнд аймаг, цэргийн цолтнуудын таван барилдаан зохион байгуулсан бөгөөд хаалтыг нь Баян-Уул сумын ЕБС-ийнхан хийв. Энэхүү барилдаанд аймгийн хурц арслан цолтой 11 бөхөөр манлайлуулсан 256 хүчтэй зодоглосноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв. Хүнд бэртлээс эргэн ирсэн хурц арслан Э.Мөнхбаатар улиралд анх удаа түрүүлсэн нь энэ.


Барилдааны дараа тэрбээр ярихдаа, “Сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна. Хүнд бэртлээс эргэн ирлээ. Өвдөгний гэмтэлтэйгээ таван жил тэмцсэний эцэст дээрдүүлээ. Өмнөх шигээ болоогүй ч бага багаар сайжирсаар байгаа. Цагаан сараас хойш Монгол бөхийн өргөөнийхөө барилдаанд тогтмол оролцож байна. Бэлтгэл жигдрээд эхэлсэн. Даваа бүхэн чанга байлаа. Бэлтгэлээ сайн хийгээд сэргэж байгаа. Үлдсэн бүх барилдаандаа оролцоно. Яагаад гэвэл бусад бөхтэй харьцуулахад миний оролцоо сайн биш. Энэ жил л гэхэд “Талх чихэр” хувьцаат компанийн “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд анх зодоглосон. Тиймээс үлдсэн бүх барилдаанд зодоглож, оноогоо нөхөх зорилготой” хэмээв.


Энэхүү барилдааны их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан П.Жаргалсайхан нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Г.Төрмөнх, Х.Наранбаяр нар үлдэв.


Зохион байгуулагчид “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Г.Төрмөнхөд олгосон юм. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Н.Жамьянсүрэнгийн ач охин бариач Д.Янжиндулам “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд нарт гардууллаа.  


Ташрамд дурдахад, энэ улиралд аймаг, цэргийн цолтнуудын таван барилдаан болсон. Нээлтийн барилдаан буюу “Азтай залуус арванхоёрдугаар сар”-д хурц арслан Д.Алтанцоож түрүүлсэн. Түүнээс хойш аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, аймгийн арслан Г.Төрмөнх нар түрүүлжээ.







関連ニュース